цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, May 8, 2014

Эволюцийн гол замууд



Амьдрал үүссэн үеэсээ эхлэн байнга хөгжин дээшилж, шинэ шинэ хэлбэрүүдийг үүсгэхдээ дасан зохицож чадсан нь амьдарч, чадаагүй нь мөхөж сөнөх байдлаар явагдаж ирсэн энэхүү эволюци хөгжлийг хөдөлгөгч гурван гол зам (ароморфоз, идиоадаптаци, дегенераци) байдгийг анх А.Н.Северцов тогтоосон. А.Н.Северцов биологийн дэвшил, заавал морфофизиологийн дэвшилтийн үр дүн байх албагүй гэдгийг баталсан. 

Ароморфоз: Бие махбодын морфофизиологийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа сайжрах өөрчлөлтийг ароморфоз гэнэ. Морфофизиологийн дэвшил буюу ароморфоз гэдэг нь амьдралын хязгаарлагдмал нөхцөлд хэт нарийн зохилдох зохилдолгоо биш, харин амьдралын үйл ажилллагааны идэвхийг дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтын нийтлэг дээд түвшинд хүргэх эволюци хувьсал юм. Ароморфоз ямагт биологийн дэвшилд хүргэж, амьд ертөнцийн шинэ бүлгүүд ангиуд үүсэх явдлыг нөхцөлдүүлнэ.
Хувьслын ийм хэлбэрийн үед амьд биеийн бүтэц, үйл ажиллагааны идэвхи дээшилж шинэ шатанд гарч, улмаар амьдралын төлөөний тэмцэлд давуу талыг олж, амьдралын шинэ орчинд шилжих боломжтой болдог. Ароморфозийн үед эволюцийн хурд нэмэгддэг.
Ароморфоз бол популяци доторхи үхлийн хэмжээг багасгаж, мэнд үлдэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлдэг. Мэнд үлдэх нь их бол популяци доторхи бодгаль биесийн тоо толгой нэмэгдэж, тархах нутаг тэлж, зүйлийн дотор шинэ шинэ бүлэглэл үүсэж, сүүлдээ шинэ зүйлийн үүсэл хурдасна.
Шим ертөнцийн эволюцийн эхний үе шатанд
1.    Удамших хувьслыг эрс нэмэгдүүлсэн бэлгийн үржил, бэлгийн үржлээр үрждэг болсноор хэлбэрийн хувьд олширсон.
2.    Ургамал нарны энергийг ашиглах болсон фотосинтез.
3.    Бүтэц, үүргийг нарийсгах өргөн боломж нээсэн олон эст байдал гэсэн гурван том ароморфоз ялгаран гарчээ.
Ургамалд гарсан чухал ароморфоз нь шим ертөнцийн хөгжлийн шинэ үе шатны эхлэлд уснаас илүү түвэгтэй шинэ орчин болох хуурай газрын амьдралд зохицох зохилдолгоо бий болсон. Жишээ нь: Псилофит спороор үрждэг байснаа үрээр үрждэг болсон явдал юм.

            Хавтгай хорхойн бие гурван давхраатай, хоёр талын тэгш хэмтэй болсон. Сээр нуруугүйтэн үүссэн. Хуягт загас эрүүтэй, сарвуу сэлүүрт загасны сэлүүрийн бүтэц, уушгиар амьсгалах болсон. Сээр нуруутан амьтдын хөгжилд цоо шинээр гарсан зам ароморфозийн нэг бол үр тогтолт хэвлийд явагдах, газар дээр өндөг дотор хөврөл хөгжих явдал юм. Ланцетникийн хоолой маягийн зүрхнээс дээд зэргийн сээр нурууны 2,3,4 тасалгаат зүрх үүсэх, уушиг сайжрах цусны их, бага эргэлт бий болсон. Загасны хос сэлүүр хоёр нутагтны хос мөч болж өөрчлөгдсөн.
            Ароморфоз бол эволюцийн явцад үүссэн том хувьсал бөгөөд анги, хүрээ зэрэг ангилал зүйн томоохон ялгаатай бүлгүүд үүсдэг. Ароморфоз үсрэлт маягийн өөрчлөлттэй салшгүй холбоотой гэж А.Н.Северцов үзжээ. Иймд эволюци шатлан өгсөхийн зэрэгцээ түүнд бас ухрах үзэгдэл ч тохиолдоно.
http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-5-728.jpg?cb=1328661030

http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-9-728.jpg?cb=1328661030    http://cardio.telemedicine.mn/images/zuvulguu/arhi1.gif


http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-11-728.jpg?cb=1328661030


http://image.slidesharecdn.com/random-121108071131-phpapp01/95/slide-20-638.jpg?cb=1352380448


            Идиоадаптаци: Бие махбодын бүтэц сайжрахгүйгээр харин тухайн зүйл амьдралын тодорхой нөхцөлд зохилдон өөрчлөгдөхийг идиоадаптаци гэнэ.
            Амьд биесүүд гадаад орчны тодорхой нөхцөлд зохицож чадвар олж авдаг. Организм орчин, нөхцөлдөө дасаж дэвшилд хүрнэ. Идиоадаптацийн үед ароморфозийн эсрэгээр, бие бүтцийн үндсэн төрх байдал өөрчлөгдөхгүй, амьд биеийн амьдралын үйл ажиллагааны идэвхи нэмэгдэж, бүтцийн түвшин дээшлэхгүй. Жишээ нь: Палеозойн халуун хуурай галвуудад хоёр нутагтны ангийн зарим төлөөлөгчид байгалийн шалгарлын эрхээр намаг, шалбааг зэрэг хязгаарлагдмал тодорхой орчинд амьдрах зохилдолгоотой болжээ. Энэ үед хоёр нутагтны бүтэц зохион байгуулалтад ямар ч өөрчлөлт гараагүй, харин хуурай газрын нуур цөөрөмд амьдрах зохилдлогоотой болжээ. Жишээ нь: амьтны ивээлт өнгө, ургамлын шавьж, салхи, шувуугаар солбицон тоос хүртэх, үр жимс тараах зохилдлогоо, ууршилтыг багасгах навчны зохилдлогоо зэрэг болно. Усны ёроолд орших скат, хальпий зэрэг ёроолын загасны бие нь хавтгай, өнгө нь орчинтойгоо адил болсон зохилдлогоо нь идиоадаптацийн жинхэнэ жишээ юм. Ангилал зүйн бага бүлгүүд зүйл, төрөл, овог үүгээр үүснэ. Тодорхой нөхцөлд зохицон гарч буй өөрчлөлтийг идиоадаптаци гэнэ
http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-13-728.jpg?cb=1328661030


http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-14-728.jpg?cb=1328661030   http://image.slidesharecdn.com/lecture10-130526230535-phpapp01/95/slide-19-638.jpg?cb=1369627583


Дегегераци: Бие махбодийн бүтэц энгийн хялбар болж, зарим эрхтний идэвхитэй үйл ажиллагаа буурч, улмаар биологийн ач холбогдлоо алдсан зарим эрхтэн алга болох үзэгдлийг дегенераци гэнэ. Аливаа нэгэн тусгай эрхтэн үлдэгдэлд шилжих замаар явагддаг хэсэгчилсэн жижиг дегенерациас гадна амьтдын удам төрлийн холбоо \филогенез\ хөгжлийн явцад ерөнхий бууралтыг нөхцөлдүүлдэг ерөнхий дегенераци байдаг. Энэ бол чөлөөт амьдралын хэлбэрээс шимэгч буюу суумгай амьдралд шилжихтэй холбоотой юм. Энэ хэлбэрийн үед янз бүрийн шинэ зохилдолгоо үүсдэг. Жишээ нь: Бие гүйцсэн асциди суумгай амьдралд шилжихдээ хөвч, цусны системгүй болж, мэдрэлийн систем нь өчүүхэн зангилаа төдий болсон. Хүнд шимэгчлэн амьдардаг гахайн туузан, өргөн туузан хорхой зэрэг нь хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцоогүй, хөдлөх чадваргүй, анаэроб амьсгалтай, гэдэсний хананд бэхлэгдэх соруул, гох дэгээ, үржлийн эрхтэн зэрэг эрхтнүүд маш сайн хөгжсөн.
Асар олон үр төл өгдөг онцлог байдал нь зүйлийн амьдралыг хангаж, биологийн дэвшилтэд хүргэдэг. Дегенераци нь биологийн дэвшлийг үгүйсгэдэггүй. Жишээ нь: Шимэгч амьтны бие бүтцээрээ хялбар болсон ч биологийн дэвшилд хүрч болно. Ерөнхий дегенерацийн үед амьтанд идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг эрхтний хөгжил буурч, харин идэвхи муу боловч уг биед чухал эрхтэн сайн хөгждөг. Тухайлбал булчин, яс зэрэг хөдөлгөөний эрхтнүүд, төв мэдрэлийн систем, мэдрэх болон хоол боловсруулах эрхтний хөгжил буурч, тэдгээрийн оронд амьдралын тодорхой хугацаанд үүрэг гүйцэтгэдэг бэлэг эрхтний хөгжил онцгой сайжирсан. Жишээ нь: Туузан хорхойн зарим эрхтний ерөнхий идэвхижил сулрах үед байгаль дээр амьдарч тархахын тулд их хэмжээний өндөг гаргана.
            Идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг эрхтэн нь үлдэгдэлд шилжсэн амьтад гэвэл: гидройд, шүр, бүрхүүлтэн, сахал хөлт хавч хэлбэртэн \саккуми\ зэрэг паразит амьтад юм. Эдгээрийн зарим эрхтэн үгүй болж бие бүтцийн талаар буурсан боловч тэдний олонх нь эдүгээ цэцэглэн хөгжиж байна. Ерөнхий дегенерацийн гол шалтгаан бол, 
1.    Хөдөлгөөнт амьдралаас суумгай амьдралд
2.    Бие дааж хооллох амьдралаас паразит амьдралд шилжсэн явдал юм.

Дегенераци хоёр янз байж болно.
1.    Хэсэгчилсэн: Аливаа нэг эрхтэн үлдэгдэл буюу рудимент болох. Жишээ нь: мухар олгой
2.    Ерөнхий: Бүхэлдээ бие организмын хөгжил буурах ерөнхий дегенераци. Паразит болон суумал амьдралд шилжих. Онц шаардлагаггүй эрхтний үйл ажиллагаа буурдаг. Паразитад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа буурч, үржлийн эрхтэн нь сайжирсан. Хоол боловсруулах эрхтэн турбеллярт байснаа туузан хорхойд үгүй болсон.
http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-16-728.jpg?cb=1328661030

http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-17-728.jpg?cb=1328661030
Эволюцийн замуудын харьцаа
Ангилал зүйн томоохон бүлгийн \хүрээ, анги\ эволюцийн зам маш нарийн түвэгтэй бөгөөд тэдгээрийн филогенезийн явцад эволюцийн нэг зам нөгөөгөөр солигддог. Ургамал, амьтны янз бүрийн бүлгийн эволюци дахь ароморфоз, идиоадаптациас хавьгүй ховор тохиолдох боловч шим ертөнцийн хөгжлийн шинэ үе шатыг илэрхийлж байдаг.
Эволюци нь идиоадаптацийн, бас заримдаа бууралтын замаар үргэлжилдэг. Эволюцийн чиглэл нэг нэгээрээ солигдох буюу бие биетэйгээ хоршдог. Ароморфоз бүхэн идиоадаптацийн шинэ боломжийг нээж өгдөг бөгөөд тэр нь зохион байгуулалтын түвшинг дээшлүүлэлгүйгээр орчны янз бүрийн орон зайг булаан авах замаар тухайн орчныг бүрэн дүүрэн эзлэн тархдаг.
Оросын эрдэмтэн А.Н.Северцовын боловсруулсан бүдүүвч. Бүдүүвч дээр хөндлөн хавтгайнууд зохион байгуулалтын янз бүрийн түвшинг дүрсэлдэг. Ароморфоз босоо хавтгайд өгсөх чиглэлд, идиоадаптаци хувьсал ба зохилдлого нь нэгэн хэвтээ хавтгайд, харин дегенераци нь уруудах чиглэлээр явагдана.
http://image.slidesharecdn.com/14-evolyutsiinzamuud-120207182034-phpapp02/95/slide-21-728.jpg?cb=1328661030
Зохион байгуулалтын түвшин хэдий чинээ дээр байвал түүнд дүйх хавтгайг төдий дээр зурна. Дээш өгссөн туузаар ароморфозын замыг, хавтгай уруу уруудсан туузаар дегенерацийн замыг тэмдэглэжээ. Хавтгай дээрх цэгүүдийг холбосон шугам нь идиоадаптациийн замаар явагдаж байгаа эволюци үзэгдлийн дивергенцийг харуулна. Ароморфоз үүсч дотор нь идиоадаптаци явагдана.

Дүгнэлт
Эволюци хөгжлийг хөдөлгөгч ароморфоз, идиоадаптаци, дегенераци гэсэн гурван гол зам байдгийг А.Н.Северцов тогтоосон.

Ароморфоз – бие махбодын амьдралын үйл ажиллагаа сайжрах өөрчлөлт, амьдралын үйл ажиллагааны идэвхийг дээшлүүлэх эволюци хувьсал. Эерэг тал нь гэвэл популяци доторх үхлийн хэмжээг багасгаж, мэнд үлдэлтийг нэмэглүүлдэг.
Энэ үе шатанд бэлгийн үржил явагдана, ургамал нарны энергийг ашигладаг.
Идиоадаптоци - бие махбодын бүтэц сайжрахгүйгээр тухайн зүйл амьдралын тодорхой нөхцөлд зохилдон өөрчлөгдөх. Идиоадаптациийн үед ароморфозоос эсрэгээр үйл ажиллагаа явагддаг. Бүтцийн үндсэн төрх өөрчлөгдөхгүй, үйл ажиллагааны идэвхи нэмэгдэхгүй, бүтцийн төвшинд дээшлэхгүй гэх мэт.
Дегенераци – бие махбодын бүтэц энгийн хэлбэртэй болж, зарим эрхтний идэвхи суларна. Улмаар биологийн ач холбогдлоо алдсан зарим эрхтэн алга болох.
Бие махбодын үйл ажиллагаа идэвхижих, хэвийн байх, үйл ажилллагааны идэвхи буурч сулрах замууд юм.


Ном зүй
Б. Тэмүүлэн “Биологи”  2013 он
http://www.slideshare.net/Dolgorma/14evolyutsiin-zamuud?ref=http%3A%2F%2Fbiology-bd.blogmn.net%2F84392%2F

No comments:

Post a Comment