цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, May 1, 2014

Сэтгэл судлал буюу дестресс

Сэтгэл гутрал /Депресс/

 Сэтгэл гутрал буюу депресс нь түгээмэл тохиолддог бөгөөд дэлхий дээр жил бүр 2 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн бүртгэл байдаг. Сэтгэл гутралын хамгийн энгийн илрэл нь юм бүхэн хүнд бэрхшээлтэй болсон мэт, түүний төлөө биш мэт сэтгэгдэл хүнд төрөх явдал юм. Хүнд хэлбэрийн илрэл нь амьдралдаа өширхөх, нэг үгээр хэлбэл амьдралын бэрхшээл, зовлонд бүр мөсөн бууж өгсөн мэт л сэтгэгдэл төрөх, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох буюу буруутгах, амиа хорлох тухай бодол төрөх зэрэг явдал юм. Сэтгэл гутралын илрэл хүн хүнд өөр өөр байдаг. Зарим хүний хувьд өөрсдийнхөө тухай муугаар бодож, өөртөө сэтгэл хангалуун биш байдаг бөгөөд бүр цөхөрлийн байдалд байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь амьдрах хүсэл эрмэлзэлгүй болж, сонирхох зүйлгүй, амьдрал, ирээдүйдээ итгэлгүй болсон байдаг.


Сэтгэл гутралын үед хэн ч, юу ч чамд тусалж чадахгүй юм шиг санагдаж, өөрт чинь тус болж, сэтгэлийг чинь тайтгаруулах зүйлсээс ч гэсэн зайлсхийдэг болдог. Амьдрал маш их төвөгтэй, урьд нь амархан хийчихдэг байсан зүйл ч хэцүү мэт санагдах болно. Юу ч сайхан санагдахгүй болж, архи, тамхи, мансууруулах бодис л сэтгэлийг тань сэргээх ганц зүйл мэт санагдах болно. Сэтгэцийн хямрал нь хүнд гарз тохиох, хайр сэтгэлийн харилцаанд сэв суух, хагарах, харилцаа тасрах болон гэр бүлийн таагүй байдал, эцэг эхийн тааламжгүй харилцаа зэрэг хүний амьдралын янз бүрийн бэрхшээлтэй асуудлуудын үед илэрдэг. Сэтгэл санааны энгийн таагүй байдал ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэх юм уу эсвэл байнга тохиолдвол сэтгэцийн хямралд хүргэж болдог.
Сэтгэл гутралын шалтгаан:
Үнэн хэрэгтээ сэтгэл гутралын ганцхан шалтгаан гэж байдаггүй. Нийгмийн, эдийн засгийн, бие бялдрын холбоотой бэрхшээлүүд, бага насанд чинь тохиолдож, чиний сэтгэл санаанд гунигт дурсамж үлдээсэн үйл явдал, гэр бүл дэх эцэг эхийн хоорондын болон үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа, хандах хандлага зэрэг олон зүйлийн нэгдэл байх нь бий. Түүнчлэн амьдралд тохиолдсон хүнд гарз, амьдралын орчны өөрчлөлт, мэдрэлийн системд цочрол үзүүлэхүйц цочмог үйл явдал зэрэг нөлөөлнө. 
Биеийн эрүүл мэнд болон нас өндөр болохтой холуогдож бас сэтгэл гутрал үүсч болдог. Дааврын өөрчлөлт, тогтворгүй байдал бас нөлөөлж болно. Түүнчлэн сэтгэл гутралаас биеийн эрүүл мэнд болон дааврын өөрчлөлт нөлөөлж бас болно. Сэтгэл гутралын үед ихэвчлэн нойр хямрах, хоол идэх дур хүсэлд өөрчлөлт ордог.
Өөртөө яаж туслах вэ?:
· Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, тухайлбал дугуй унах, алхах, усанд сэлэх зэрэг. Түүнчлэн иог, бясалгал зэрэг тайвшруулах арга техникүүд тустай
· Өөрийн дуртай, сэтгэл сэргээдэг зүйлээ өдөр бүр хий
· Өөрийг чинь сонсож, дэмжлэг үзүүлэх хэн нэгнээс тусламж хүс
· Аль болох идэвхитэй, аливаад сонирхолтой байхыг хичээ. Салхинд алхах, эсвэл сонирхолтой ном унших, хөгжим сонсох, сонирхолтой хөтөлбөр үзэх нь сэтгэлийг тань сэргээхэд тусална
· Сэтгэцийн гүн хямрал, сэтгэл гутрал эдгэрч, арилахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаж, тэвчээртэй байх
· Өөрийн эрүүл мэндийн байдлыг анхаарах
· Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох гадагш гаргахыг хичээ. Уйлмаар байвал уйл, уур чинь хүрвэл орилж чарла, хэн нэгэнтэй сайхан яримаар байвал ярь.
· Энэ бүхнийг хичгээд эхэлмэгц чи өөртөө тусалж чадна гэдгээ мэдрэх болно. Хэрвээ чи өөрөө өөртөө болон гэр бүлийнхэн, найз нөхөд чинь тус болж чадахгүй бол чамд туслах хүмүүс бий гэдгийг санаарай. Энэ нь эмнэлгийн мэргэжлийн үйлчилгээ тусламж үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд юм. Гэхдээ хүн бүрт таарсан жор гэж байдаггүй, хүн бүрт тохирох эмчилгээ өөр өөр байдаг. Өөрийнхөө зөн билэгт итгэж аль болохоор өөртөө туслах гэж оролдоорой.
Эм ууснаар илэрсэн шинж тэмдгийг арилгахад, харин сэтгэл санааныхаа байдлыг итгэлтэй хэн нэгэнд сэтгэлээ онгойтол ярих нь сэтгэл гутрал үүсгэсэн шалтгааныг арилгаж, сэтгэлийг тайвшруулахад тусална:
· Эмчид хандсанаар сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эм ууж эмчилнэ. Эдгээр эмүүдийг уух нь сэтгэл гутралыг багасгаж, сэтгэл санааны чинь байдлыг дээшлүүлэхэд тусалж, бусад төрлийн аргаар сэтгэлийн гутралаа тайлахад тусална. Зарим тохиолдолд эдгээр эмнүүд нь нойрмоглох, зүрх хүчтэй цохилох, сэтгэлийн хөөрөл үүсгэх, чичирч, салгалах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ нь хүн бүрт өөр бөгөөд эмч,эмийн санч энэ талаар зөвлөгөө өгнө. Эмнүүд нь 2-4 долоо хоногийн хугцаанд тогтмол ууж байж үр дүнгээ өгдөг учраас үйлчлэхгүй байна гэж бодоод орхиж болохгүй. Биеийн байдлаа хэвийн болтол 6 сар түүнээс дээш хугацаагаар тогтмол ууна. Эс тэгвээс сэтгэл гутрал дахин хөдлөх аюултай. Зарим хүмүүс эмээ тогтмол уухгүй байх буюу эсвэл хоёр гурван сар уугаад орхидог нь өвчнийг хүндрүүлэх, дараагийн шатны эмчилгээний үр дүнгүй болоход хүргэдэг.
· Гэвч эм уух нь суурь проблемыг бүрэн шийдвэрлэхгүй. Тиймээс өөрийг чинь ойлгож, дэмжих хэн нэгэнд сэтгэл санааныхаа байдлыг, зовиурыг, түгшүүрийг ярих нь тустай байдаг. Энэ үүднээс эмч чинь таныг сэтгэл засалч, зөвлөгөө өгөгч, сэтгэл зүйч рүү явуулж, үзүүлж магадгүй. Энэ үед өөрийн зовиурыг сайн ярих хэрэгтэй. Мөн хүсвэл сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг итгэлтэй утаснуудад хандаж, утсаар сэтгэлийн зовиураа ярьж болно.
· Түүнчлэн эмийн бус бусад төрлийн эмчилгээнүүд үр дүнгээ өгч болох юм. Ж нь: бүх биеийн массаж, иог, бясалгал, зөөлөн дасгал хөдөлгөөн зэрэг.
· Хэрвээ сэтгэл гутрал үүссэн үндсэн шалтгаан нь ажил, сургуулийн дарамт, мөнгөгүй, ядуу зүдүүгээс, гэр бүлийн хүрээн дэх стресс, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг бол энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй.
· Ижил төрлийн бэрхшээл, зовлонтой хүмүүс нийлж өөрөө өөртөө туслах бүлэг байгуулан ажиллаж бие биедээ тусалдаг туршлага манай оронд дэлгэрээд нилээд хэдэн жил болж байна. Өөр өөрсдийн сэтгэлийн зовлонг сэтгэлээ онгойтол ярихын зэрэгцээ бусад хүмүүс энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг сонсох нь тустай байдаг.
Ямар нөхцөлд эмчид хандах вэ?:
· Хоёр долоо хоногоос дээш хугацаанд сэтгэлийн дарамттай байдалд байвал
· Амиа хорлох тухай бодол орж ирэх
· Ямар нэгэн бэрхшээлийг даван туулж чадахгүй мэт сэтгэгдэл төрөх
· Биеийн чинь байдал муудаж байна гэсэн мэдрэмж төрөх
Зөвлөгөө өгөх, танин мэдүүлэх, сэтгэл заслын эмчилгээ:
Эдгээр аргууд нь сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж байгаа үр дүнгээ өгч байгаа аргууд бөгөөд бэрхшээлийг даван туулах арга зам, нааштайгаар сэтгэх, бодож эргэцүүлэх чадварыг сэргээх, болон сэтгэл гутралд хүргэхэд нөлөөлсөн зан үйл, дадал зуршлаа өөрчлөхөд тань тусална.
Зөвлөгөө өгөх үйлчилгээ нь: тухайн тулгамдсан бэрхшээлийг даван туулахад туслах богино хугацааны туслалцаа юм.
Танин мэдүүлэх эмчилгээ нь : Бодож эргэцүүлж сурах, зөв байдлаар биеэ авч явах өөрөөр хэлбэл нааштай хэлбэрээр аашилж авирлаж сурахад туслана. Энэ нь аливаад сөрөг ханддаг хандлага, учир шалтгааны холбоосыг буруу талаас нь харж, боддог зан үйлийг засах буюу дэмжлэг, өөртөө итгэх итгэл төрүүлэхэд туслах зан үйл, зан авирын эмчилгээний нэг төрөл байдлаар юм.
Сэтгэл засалын эмчилгээ нь: сүүлийн жилүүдэд хэрэглэж байгаа бөгөөд ойлголт болон өнгөрсөн дурсамж, үйл явдлууд дээр нь тулгуурлан засал хийдэг эмчилгээ юм.

No comments:

Post a Comment