цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, February 27, 2014

Дотоод ертөнц ба дотоод хүн гэж байдаг уу?

Бидний хүрээлэн буй орчноос хүлээн авч хүртэж байгаа зүйлсээс хамааран, бас үл хамааран бидний сэтгэл санаа, оюун бодол, мэдрэхүйн хүрээнд, \бидний дотор\ олон зүйл мэдрэгддэг гэдэгтэй хүн болгон санал нэг байх болов уу. Хүмүүс баярлаж, наадаж шуугиж байхад та яагаад ч юм гунигладаг, эсвэл эсрэгээрээ.


Дотоод ертөнц буюу бидний сэтгэл зүйн ертөнцийг сэтгэл судлалд "сэтгэцийн бодит байдал", хэрэгцээ-сэтгэл хөдлөл-мэдээллийн орон зай", "хүний сэтгэлийн эрч хүчний эх үүсвэр" гэх зэргээр тайлбарлах нь бий. Харин тэнд яг юу болж байдаг бол? Бидний дотоод ертөнцөд бодлын дүрслэл, төсөөлөл бий болж байдаг бөгөөд тэдний дунд дотоод ертөнцийн өөрийнх нь тухай төсөөлөл ч хөвөрч байдаг. Үүний нүдэнд харагдах бодит байдлыг тодорхойлогч үгэн зүйрлэл гэж хэлж болох ба энэ нь мэдрэлийн эсүүдийн элетрохимийн үйл явцаар хэлбэржиж байдаг. Орчин үеийн хэл зүйн хэрэглээнд дотоод ертөнцийг - сэтгэл зүрхтэй адитган үзэх тохиолдол байдаг ч энэ нь яг ч зөв биш юм. Учир нь бидний дотоод ертөнц олж авч байгаа мэдлэг, мэдээллийн үр дүнд өргөжин тэлж байдаг бөгөөд тэрээр маш баялаг, гүнзгий, энгийн эсвэл хүнд гэсэн олон янз байдаг. харин хажууд нь сэтгэл гэгч маань хөгжихгүйгээр оршин байж болдог.
Хүн бүрийн дотоод ертөнц дахин давтагдашгүй, өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг нь олон зүйлээс улбаатай. Тухайлбал: удамшил, эхийн хэвлий дэх хөгжлийн онцлог, мэдрэлийн систем болон зан төлөвийн төрөл, ур чадвар ба сонгосон сонирхлын онцлог, амьдралын туршлага ба хүрээлэн байгаа орчны нөлөө, итгэл үнэмшил, үнэт зүйлийн чиг баримжаа, хандлага гэх мэт. Энэхүү орон зайд хүний дотоод амар амгалан байдал, тэр ч бүү хэл дотоод эд эрхтний шинж байдлыг оруулан авч үзэх нь бий. Мөн зарим эрдэмтэд, дотоод ертөнц нь гадаад ертөнцийн тусгалтай нийлж, ухамсрыг бүрдүүлэгч хэсэг болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бие хүн бодит байдлыг тусгаж аваад дотоод ертөнцдөө өөрийнхөөрөө боловсруулаад гадагш илэрхийлэхэд өөрийн гэсэн өнгө төрх ажиглагддаг. Түүнийг хувь хүний онцлог буюу бидний бусдаас ялгадаг төрх, онцлог хэмээн нэрлэдэг.


Сэтгэл судлаачийн 101 хариулт 25

No comments:

Post a Comment